Мэдээ мэдээлэл

Зөвлөгөө

ДУЛААЛГЫГ САЙЖРУУЛСНААР ДУЛААН АЛДАГДАЛ 7-10 ДАХИН БУУРАХ БОЛОМЖТОЙ

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 80 хувийг гэр хорооллын 200 орчим мянган өрх бүрдүүлдэг гэх албан бус тооцоо байдаг. Иймд утааг бууруулах үүднээс эдгээр өрхүүдийн нүүрсний хэрэглээг хязгаарлах, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур санал болгох зэрэг бодлогын шийдлүүд яригдаж эхлээд байна. Хэдий тийм боловч мэргэжилтнүүд гэр хорооллын айл өрхүүдийн барилга, монгол гэрийн дулаан алдагдлыг бууруулах шаардлагатай байгааг анхааруулж.

Мэргэжилтнүүд гэр хорооллын айл өрхүүдийн барилга, монгол гэрийн дулаан алдагдлыг бууруулах шаардлагатай байгааг анхааруулж байна.Зургийг: С.Батсайхан
байна. Ингэснээр утаа үүсгэж байгаа түлшний хэрэглээг багасгах төдийгүй, эрчим хүчний бодитой хэмнэлт бий болгож, хомсдол үүсэхээс сэргийлэх боломжтой гэж үзэж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын нөхцөлд хүйтний улиралд гэр болон байшингийн дулаалгыг тодорхой хэмжээнд сайжруулснаар дулаан алдагдал 7-10 дахин буюу 90 хүртэлх хувиар буурах боломжтой гэсэн тооцоог ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид гаргасан байна. Энэ нь нүүрс түлдэг айлын хувьд түлшээ 7-10 дахин бага хэрэглэх, цахилгаан халаагуур ашигладаг айлын халаалтын зардал 7-10 дахин буурна гэсэн үг юм. Олон төрлийн материал ашиглаж, харилцан адилгүй стандартаар баригдсан барилгуудын тухайд дулаалгыг сайжруулах шаардлагатай байгаа аж. Мэргэжилтнүүд барилгын зай завсарт чигжээс хийх замаар битүүлж, хаших хийцэд зохимжтой дулаалгын материал ашиглан, нэмэлт дулаалга хийх замаар дулааны алдагдлыг бууруулахыг санал болгож байна. Зөвхөн барилгын цонхыг дулаалснаар дулаан алдагдал 5-15 хүртэлх хувиар буурах боломжтой гэсэн тооцоо байдаг. Мөн нэмэлт дулаалга хийх нөхцөлд материалын сонголтоо зөв хийж, гадна талаас нь дулаалга хийх нь чухал гэдгийг барилгын инженерүүд хэлж байгаа юм.


Үүнээс гадна тухайн барилга байгаа орчны цаг агаарын нөхцөл байдал, онцлог шинж зэрэг олон үзүүлэлтүүд дулаалгаа зөв хийхэд нөлөөлдөг байна. Барилгын дулаалгын материалын олон төрлийн сонголтууд байдаг. Хамгийн түгээмэл ашиглагддаг хөөсөнцрөөс авхуулаад эрдэс хөвөн, чулуун хөвөн, сүрлэн боодол, эсгий дулаалга зэрэг нь тус тусын онцлогтой аж. Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа, үйлдвэрлэл явуулдаг компаниудын тоо нэмэгдэж, зах зээлд гарах бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж, үнэ ханшийн олон төрлийн сонголтууд бий болсон байна.


Мөн уламжлалт монгол гэрийн дулаалгыг сайжруулах талаар олон төсөл, судалгаа хийгдсэн байдаг. Жишээ нь, “Таван богд” групп “Пассив гэр” төслийг хэрэгжүүлж, шинэ технологиор эсгий дулаалгын материал үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ салбарт ижил төрлийн бүтээгдэхүүн санал болгож байгаа “Өнө монгол гэр”, “Аряа” зэрэг компаниудыг дурдаж болно. Тус тусын онцлог, технологийн шийдэл бүхий бүтээгдэхүүнүүдийг санал болгож, дулаан алдагдлыг олон дахин бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм.