Мэдээ мэдээлэл

Мэдээ

Дэлхийн дулаарал

Хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн аюултай үйл явцын нэг нь дэлхийн дулаарал болж байгааг цаг уур судлалын хүрээлэнгүүд анхааруулж байна. Цаг уур судлаачдынхаар дэлхийн температур өнгөрсөн мянгантай харьцуулахад ихээхэн нэмэгдсэн бөгөөд цаг агаарын энэхүү огцом, хурдацтай  дулаарал нь хүний хүчин зүйлээс ихээхэн шалтгаалж байгаа талаар тэд санал нэгдэж байна.  Дулаарлын энэ өөрчлөлт нь дэлхийд нүүрлэж буй цаг агаарын эрс тэс өөрчлөлтийн нэг шалтгаан болоод зогсохгүй дэлхийн мөс, цасан бүрхүүл хайлснаас далай, тэнгисийн усны түвшин ихээхэн нэмэгджээ. Түүнчлэн дэлхийн хурдацтай дулаарлын нөлөөгөөр Хойд мөсөн далайн мөсний дор хуримтлагдсан асар их  метан хий дэгдэх аюул тулгараад байгаа талаар АНУ-ын Сансар судлалын үндэсний төвөөс (NASA) сэрэмжлүүлж байна. Метан нь далайн гүнд мөстэй холбогдож метан гидрат хэлбэрээр хуримтлагдсан байх бөгөөд хэрэв мөс хайлж усны температур нэмэгдэх буюу мөсний дээрх даралт буурвал метан хий чөлөөлөгдөж агаарт дэгдэхэд эзэлхүүн нь 170 дахин тэлж агаарын метаны хэмжээ үлэмж нэмэгдэн дэлхийн дулааралт илүү эрчимтэй явагдах бөгөөд цаг агаарын энэхүү өөрчлөлтийг тогтоон барих боломжгүй болох ажээ.

Сансрын хиймэл дагуул болон усан онгоцноос хийсэн судалгаагаар үзэхэд Хойд туйлын мөс (2007 оны 09 сарын байдлаар) 1950 оны түвшинтэй харьцуулахад 50% буурсан байна.  Гренландын гадаргуугийн мөсөн давхаргын нийт хэмжээ 15 жилийн өмнөх үетэй харьцуулахад 4 дахин багассан. Судлаачдын 77 жилийн турш хийсэн хэмжилтүүдээс харахад Хойд мөсөн далайн гадаргуугийн агаарын температур  хамгийн өндөр түвшинд  хүрээд байна.